Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн бодлого, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зорилготой Үндэсний хөгжлийн хүрээлэн, Шинжлэх ухааны академтай хамтран ажиллахаар боллоо.
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ҮХХ-ийн захирал Г. Дэнзэн энэ хоёрдугаар сарын 10-нд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна. ҮХХ-ийн удирдлагууд Математик, тоон технологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хими, Хими технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид зарим судалгаа шинжилгээний ажлуудыг хамтран гүйцэтгэхээр ярилцжээ.
Академийн ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор Ш. Ариунаа “Шинжлэх Ухааны Академитай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дурдаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
ҮХХ-ийн захирал Г.Дэнзэн ”Монгол үндэстний уураг тархи болсон танай байгууллагатай танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа таатай байна. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь монголчуудын оюуны ундарга юм. Аливаа улс үндэстэн шинжлэх ухааны салбараа бүрэн гүйцэт хөгжүүлж, өндөр ач холбогдол өгөхгүйгээр хөгжлийн тухай ярих утгагүй” гэсэн байна. Шинжлэх ухааны академийн бүрэлдэхүүнд судалгааны 16 хүрээлэн, нэг ахисан түвшний их сургууль үйл ажиллагаа явуулж байна.