Улс төр

ADMIN
01 сарын 15
01 / 15

Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.15/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, П.Батчимэг, Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Баатархүү, Г.Ганбаатар, А.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар, О.Саранчулуун, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцож байна.

Хэлэлцүүлгийг нээж, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл холбогдох хуульд заасан тоонд хүрсэн тул Монгол Улсын Их Хурал авч хэлэлцэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ажлын хэсгийн ахлагч бөгөөд сонсгол даргалагчаар миний бие сонгогдсон гэлээ.

Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг тус тус баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоолыг баталсныг дурдаж байлаа.     

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэлэлцүүлэг явуулах дэг, хөтөлбөрийг танилцуулсан. Хэлэлцүүлгийн ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэж буйг хэлэлцүүлэг даргалагч С.Эрдэнэболд гишүүн энэ үеэр онцлон тэмдэглэсэн.  


Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөө”-ний талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Орчны эрүүл мэнд гэсэн ойлголтод агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, ундны усны чанар, аюулгүй байдал, хөрсний бохирол, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын асуудал багтдагийг дурдаад агаарын бохирдол нь уушгины хатгалаа өвчлөлийн 18, уушгины архаг бөглөрлийн 13.3 хувь, тархины судасны өвчний 31 хувь, зүрхний ишемит өвчний 31,4 хувийг эзэлж буй тоон баримт байгааг онцлон тэмдэглэлээ.


Мөн тэрбээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авах арга хэмжээний талаар танилцуулсан. Тухайлбал, богино хугацаанд эрүүл мэндийн салбар болон салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудын дотоод орчныг сайжруулах агаар цэвэршүүлэгч, цонхны агаар шүүгч, агааржуулалтын системийг шинэчлэх, эрсдэлт бүлгийн хүн ам буюу бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудад чиглэсэн арга хэмжээнүүд авах, эрүүл мэндийг сайжруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоо, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах шаардлагатайг дурдсан.




Мөн иргэд өрх гэр бүл, аж ахуйн нэгжийн оролцооны хүрээнд эрүүл мэнд болон эрсдэлт хүчин зүйлийн талаар мэдлэг олгох, олон нийттэй оновчтой харилцаа үүсгэх, мэдэх эрхийг нь хангах, маск зүүх, гар угаах, спиртен суурьтай гар халдваргүйжүүлэх бодисоор хангах, гэр хорооллыг ногоон байгууламж бий болгох, нүхэн жорлонг устгах, хог хаягдлыг цэгцлэх арга хэмжээг холбогдох салбарын яамдууд авч хэрэгжүүлнэ гэж байлаа.


Дараа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Монгол Улсын хот суурин газрын агаарын бохирдол, эх үүсвэр, тооллого, эх үүсвэрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын бодлого” сэдвээр илтгэл тавьсан.

Илтгэлд нийслэлийн агаарын чанарын хэмжилтийг 2018-2024

 

онтой харьцуулахад РМ10, РМ2.5 SO2

 

(хүхрийн давхар исэл) буурсан, NO2

 

(азотын давхар исэл) ихэссэн байгааг дурдсан байв.


Мөн Монгол Улсын хэмжээнд агаарын чанарын хяналт шинжилгээг Орхон аймгийн хоёр, Улаанбаатар хотын 19 цэгт зургаан үзүүлэлтээр автоматаар тасралтгүй хэмждэг бол аймгийн төвүүдэд нэг стандарт арга зүйгээр механикаар хэмжиж байна гэлээ. Түүнчлэн тэрбээр, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийх хууль эрх зүйн шинэчлэл, технологийн шилжилт, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар танилцуулсан.


Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Коммиссын дарга Д.Сүнжид “Агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илгэлдээ, Хүний эрхийн Үндэсний Коммиссоос хүний эрхийн төлөв байдлын талаар үндэсний хэмжээний индекстэй болох асуудлыг Үндэсний статистикийн хороонд хүргүүлснийг онцолж байв.



Мөн тус илтгэлд дэлхийн улс орнууд хүрээлэн буй орчны асуудлаар тогтвортой бодлого хэрхэн хэрэгжүүлж байгааг тодорхойлох үүднээс Хүрээлэн буй орчны индексийг Америкийн нэгдсэн Улсын Йелийн их сургууль болон Колумбын Их сургуулиас Дэлхийн Эдийн засгийн Форумтай хамтран Хүрээлэн буй орчны индексийг хоёр жилд нэг удаа гаргадаг. Тус индекс нь орчны эрүүл ахуй болон экосистемийн амьдрах чадвар зэрэг 11 ангилал, 40 шалгуур үзүүлэлтийг ашиглаж, 100 хүртэл оноо өгч эрэмбэлдэг бөгөөд хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн улс нь нийтийн эрүүл мэнд, байгалийн нөөц баялгийг хамгаалах, эдийн засгийн үйл ажиллагаанаас шалтгаалж буй хүлэмжийн хийг багасгахад урт хугацаанд анхаарч ажиллаж ахиц дэвшил гаргаж буйг илтгэдэг байна.


Монгол Улс 29.6 оноо авч дэлхийн 180 орноос 155 дугаар байрт, Ази номхон далайн 25 орноос 19 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Уг индексийн хувьд хамгийн бага оноо авсан улсууд нь тогтвортой байдлаас илүүтэй эдийн засгийн өсөлтийг чухалчилсан эсвэл иргэний эмх замбараагүй байдал болон бусад хямралтай тэмцэж буй орнууд байгааг илтгэлд дурдсан байлаа.


Түүнчлэн тус илтгэлд Хүний эрхийн Үндэсний Коммиссоос тавьж буй Улсын Их Хурал, Засгийн газар холбогдох яамдуудад тавьсан саналыг тусгасан байв. Тухайлбал, байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 30 хууль, 200 эрх зүйн акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах, Засгийн газраас 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг цаг хугацааны мөчлөгтэй, оновчтой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой шалгуураар үнэлэх, агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах бодлогыг урт, дунд, богино хугацааны зорилтод нийцүүлэн боловсруулах шаардлагатай талаарх саналыг дурдсан байлаа.


Мөн агаар, орчны бохирдлын асуудлыг үндэсний хэмжээнд хариуцах бүтцийг тодорхойлох, тогтвортой, салбар хоорондын уялдаа холбоог ханган үр дүнтэй ажиллуулах, агаар, орчны бохирдлыг бууруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцоолж, хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлж, үр ашигтай зарцуулах нь зүйтэй гэсэн байлаа. Түүнчлэн агаар, хөрс, ус, орчны бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, инновац, технологийн дэвшлийг ашиглах, хувийн хэвшлийг татварын зээлийн бодлогоор дэмжих, агаар, ус, хөрс, орчны бохирдлын тандалт, хяналт шинжилгээний сорьцын мэдээллийн сан бүрдүүлж, харилцан мэдээлэл солилцох горимыг тогтоох, дотоод орчны чанарт тавигдах суурь үзүүлэлт бүхий шаардлага, стандартыг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод орчны чанарын лабораторийн хэмжилтийн дүгнэлтийг нийтэд нээлттэй болгох, орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд тогтмол, хүртээмжтэй хүргэх Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах, Стандартыг олон улсын зөвлөмж, хэмжээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлах, агаар, орчны бохирдлын улмаас өрхийн санхүүгийн байдалд учирч буй эрсдэл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх талаарх саналыг тусгасан байв.

Хэлэлцүүлэг  анагаах ухааны доктор, судлаач А.Энхжаргал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Жаргалсайхан, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Ганзориг нарын илтгэлээр үргэлжилнэ 

хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.