Хөгжлийн банкны нөхцөл байдал сайнгүй байгаа. Сайнгүйгээр барахгүй ер нь амаргүй. Олноо алдаршаад байгаа хэллэгээр хэлбэл шүү. Энэ тухай Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа өнгөрсөн долоо хоногт ил тод мэдэгдсэн. Тэр тоо болон бодит нөхцөл байдлыг нуугаагүй. Нийт хуримтлагдсан алдагдал нь 538.0 тэрбум төгрөгт хүрч, хүний нөөцийн хямралд орсон.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд УИХ, Засгийн газар, Монголбанк, Үндэсний аудитын газраас гээд нийт 13 удаагийн хяналт шалгалт хийж, 202 зөрчил илрүүлсэн. Мөн тус банканд ажиллаж байсан, ажиллаж байгаа 53 ажилтан Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу албан тушаалааа ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн үндэслэлээр шалгагдсан. Ял ч авсан. Энэхүү хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудлын улбаатай Хөгжлийн банкны нийт албан хаагчийн 66 хувь нь туслах чанарын ажил хийж, санхүүгийн буюу зээлийн чиглэлээр ажиллах зорилтот ажилтны хомсдолд орсон. Үүнд хууль хяналтын байгууллагын шалгалт төдийгүй нийгмийн нэр хүнд, улстөрчдийн шахалт, ар гэрийн шахалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Иймд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа юун түрүүнд хүний нөөц бүрдүүлэлтдээ анхаарч, эхний ээлжинд төслийн бүтэц судлах, тодорхойлох бие даасан газар хэлтэс байгуулсан.
Харин санхүүгийн бэрхшээлийн тухайд өнгөрсөн хугацаанд иргэний шүүх дээр 44 зээлдэгчийн 1,562.9 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн төлбөр нэхэмжилснээс 37 зээлдэгчийн 1,235.4 тэрбум төгрөгийн зээлийг шүүхээр эцэслэн шийвэрлэсний ердөө 19 зээлдэгч нь 494.5 тэрбум төгрөгийг төлж, зээлээ хаасан. Үлдсэн зээлүүдийн асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 521.0 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийн дуудлага худалдаанд оруулж, гүйцэтгэх ажиллааа хийж байгаа ч дуудлага худалдааны төлбөр нийт зээл хүүгийн төлбөрийн ердөө 40-50 орчим хувийг хангахаар байгаа нь Хөгжлийн банк ямар ч тохиолдолд алдагдал хүлээхэд хүрнэ ээ гэсэн үг. Иймд цаашид шүүх шийдвэрлэх процессийг хурдасгах, нөгөө талаас шүүх дээрх хөрөнгийн үнэлгээг бодитой гаргах, шууд үнэлгээний дүнгээр шилжүүлж бүртгэж байгааг эргэн харах шаардлагатайг тэрбээр онцолсон. Үгүй бол Хөгжлийн банк зээл барагдуулах учиртай үл хөдлөх хөрөнгөөсөө давхар давхар хохироод үлдэх гэмтэй.
Харин 2011 онд Монгол Улсад анх удаа байгуулагдаж, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн Хөгжлийн банкны эдийн засагт оруулсан хувь нэмрийг ор тас үгүйсгэх аргагүй. Учир нь, өнгөрсөн хугацаанд нийтдээ 7.6 их наяд төгрөгийн зээл олгосноор цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 312 МВт-аар, дулааны цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 348 МВт-аар тус тус нэмэгдүүлж, цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 3.3 сая тонноор өсгөж, орон нутагт 2,154 км зам, нийслэлд 123 зм замын барилга, өргөтгөл шинэчлэл хийсэн. Хувийн хэвшилд ч өсөж өндийх боломж олгосон.
Гэхдээ энэ үзүүлэлт нь балансын алдагдлыг тэнцвэржүүлэх үр дүн биш бөгөөд эрсдлийг нэн яаралтай бууруулах стратегийн шинэчлэл хийх хэрэгтэйг өнгөрсөн дороо хоногт Хөгжлийн банкны шинэ удирдлага зарласан. Үүний тулд богино хугацаандаа Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчит компаниудтай холбоотой 805.7 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн авлагыг яаралтай барагдуулах, дүрмийн санг 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, 400 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн сан байгуулах, баланс тэнцвэржүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хийх. Хэрэв энэ ондоо, тэр дундаа ойрын хугацаанд эдгээр өөрчлөлтийг хийж, зээлийн үлдэгдлээ шахаж барагдуулж гэмээнэ Хөгжлийн банкны боломжит санхүүжилтийг 7.0-20.0 их наяд төгрөгт хүргэх боломжтой гэдгээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа хэвлэл мэдээллийнхэнд зарласан. Статистик тоон мэдээлэлтэй нь харьцуулахад энэ нь хэт өндөр хүлээлт, том тоо байж болох ч зорилго нь аргаа дэмжвэл хүрэхгүй, болохгүй, чадахгүй ч гэсэн үг бас биш байх. Ямартай ч энэ бол Хөгжлийн банкны шинэ стратеги... Тодруулбал, хуучин үр дүн болоод шинэ нөхцөл дээр суурилсан нэг жилийн зорилт юм.