Улс төр

ADMIN
12 сарын 09
12 / 09

НББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв

НББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.12.09) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, Улсын Их Хурлаас Засгийн газарт өгсөн алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэлийн дагуу зардлыг бууруулах талаар баримталсан зарчмуудыг дурдсан юм. Үүний хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, шүүх, прокурорын байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй байна.

Төсөвт байгууллагын зарим зардлыг 10-100 хувиар бууруулж, төсвийн төсөлд тусгасан байна. Үүнд,

-       салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь

-       соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь

-       эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг 50 хувь

-       Улсын төсвийн хөрөнгөөр шинээр гүйцэтгэх геологийн хайгуул, судалгааны ажлыг 50 хувь

-       байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг 10 хувь

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгах, гэрээ байгуулаагүй, эхлээгүй төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах, зарим их засвар, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулах, гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын болон бусад төслийн зээлийн ашиглалтыг мөн хойшлуулах, “Хавдар судлалын Үндэсний төв-II” төслийг нэмэхээр төсвийн төсөлд тусгасан байна.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн орлого, тусламжийн болон зарлага, цэвэр зээлийн дүн тэнцүү 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35.2 хувь болж, тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн ашигтай байхаар гарчээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав хийлээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төвлөрүүлэх орлогыг 69.2 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн сайдын орлогыг 7.9 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийнх 6928.7 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийнх 2515.6 тэрбум төгрөг буюу нийт 9521.4 тэрбум төгрөгөөр төлөвлөж, өмнө төлөвлөсөн төсвийнхөөс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын орлого 6.0 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийнх 15.1 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн 10.0 тэрбум төгрөгөөр буюу нийтдээ 31.1 тэрбум төгрөгөөр бууруулан төлөвлөжээ. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зардлыг 4496.9 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн сайдын зардлыг 1820.9 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн зардал 5815.5 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийнх 2216.3 тэрбум төгрөг буюу нийт 14 349.6 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь өмнөхөөс нийт 139,1 тэрбум төгрөгөөр буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцыг 105.2 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын багцыг 33.9 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байгааг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч танилцуулаад, төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал улсын хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн боловч зарим анхаарах зүйл байгааг дурдав. Тухайлбал, нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд орлого тасрах, зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах эрсдэлтэйг тооцох, Төсөвт өөрчлөлт орох бүрд төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байгаад дүгнэлт хийх, цахим систем болон ТЭЗҮ боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлгүй тооцож үр ашигтай төсөвлөхөд сөргөөр нөлөөлж байгааг анхаарах, төсвийн зардлыг хэт механикаар хассан нь 2025 оны төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулах тоо хэмжээг хумих эрсдэл үүсгэх магадлалтайг болон төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хууль эрх зүйн орчинд бүрдүүлж ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно гэж тусгасан нь Улсын Их Хурлын Засгийн газарт тавих хяналтын зарчмыг алдагдуулахаас гадна Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлангийн хийсэн танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн энэ 2024 оноос шилжих, тендер зарлагдчихсан Баянзүрх дүүрэгт эмнэлэг болон цэцэрлэг худалдан авах ажлын талаар асууж хариулт авсан юм. Энэ онд төсөвт нь тавигдчихсан байгаа тул ондоо багтаагаад тендер шалгаруулалтаа хийж дуусгах шаардлагатайг Сангийн сайд хэлсэн юм. Хэрэв амжихгүй бол ирэх оны төсөвт уг зардал шилжиж суухгүй гэдгийг анхаарууллаа. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Хавдар судлалын Үндэсний төв-II” төсөлд энэ онд тавигдсан 5.0 тэрбум төгрөгийг амжиж ашиглах буюу төслийг нэн даруй эхлүүлэхэд анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд зөвлөлөө.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат гишүүн эрүүл мэндийн салбарын төсвийн 36.8 тэрбум төгрөгийн таналтын ямар ямар зардлаас хассаныг болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг хэвийн болгоход шаардлагатай санхүүжилтүүд төсвийн төсөлд суусан, эсэхийг асууж хариулт авлаа. Цаашид хүндрэл үүсэхгүй байх, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд 2025 оны төсөв хүрэлцээтэй эсэх, БНСУ дахь нийгмийн даатгалын алба, Япон Улс дахь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үйлчилгээний төвийн төсөв хасагдсан, эсэх зэрэг асуудлыг мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хөндсөн юм. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн зардлаас хасаж, бууруулсан зүйл байхгүйг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж танилцуулсан бол Эрүүл мэндийн сайт Т.Мөнхсайхан дээрх сангийн төсөв энэ оныхоос 360 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа учир өнөөдрийнх шиг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхгүй гээд, хасагдаж байгаа зардлуудын ихэнх нь сайдын багц дахь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн бодлого, арга хэмжээнээс хасагдсаныг дурдав. Салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг бүрэн шийдвэрлэхийн тулд санхүүжилтийн хэмжээг ДНБ-ий 6.0 хувьд хүргэх шаардлагатай гэдгийг сайд онцолж, 2025 оны төсвийн төсөлд суугаад байгаа санхүүжилт ДНБ-ий 3.0 хувьтай тэнцэхүйц байгааг мэдээлэв. БНСУ дахь нийгмийн даатгалын алба өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжээд явахаар болсон бол Япон Улс дахь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үйлчилгээний төвийг татан буулгаж, үйл ажиллагааг нь Элчин сайдын яаманд нэгтгэсэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Цаашид монголчуудын олноор зорьж очиж, ажиллаж амьдардаг улс орнуудад хөдөлмөрийн атташе бий болгох суудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа тэрбээр танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбоотойгоор хөнгөлөлттэй эмийн хүртээмж ихээхэн буурсныг ирэх оны төсөвт хэрхэн шийдвэрлэж байгааг болон зарим их, дээд сургуулийг хотоос гаргах, нүүлгэн шилжүүлэх зардал, санхүүжилт тусгасан эсэх, мөн төсөв зардлыг бууруулахдаа төсөл, хөтөлбөрүүдийн эрэмбийг хэрхэн тогтоосон талаар асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал санхүүжилт, төрөөс хариуцах 0-18 насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсоноор ямар хэмжээнд хүрч байгаа, ахмад настны сувиллын хөнгөлөлт 30000 төгрөг байгааг нэмэгдүүлэх эсэх, гадаадаас авч буй ажиллах хүчний төлбөрийг хэрхэн тогтоож байгаа талаар асууж, Засгийн газрын болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн нэгдсэн болон клиникийн эмнэлгүүд хэдэн тэрбум төгрөгийн өртэй байгааг болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд ямар реформ хийх төлөвлөгөөтэй байгааг асууж хариулт авав. Мөн тэрбээр Баян-Өлгий аймагт шинээр ашиглалтад орж байгаа нэгдсэн эмнэлгийг тоног төхөөрөмжийн зардал төсвийн төсөлд суусан эсэхийг лавлалаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан түүний асуултад хариулахдаа Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлагдах өр энэ оны эцэст 330 тэрбум төгрөгт хүрэхээр байгааг мэдээлж, Баян-Өлгий аймагт нэгдсэн эмнэлэг, Дорнод аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулагдсан боловч тоног төхөөрөмж, хүний нөөц хангалтгүй байх төлөвтэй байна гээд, хөдөө орон нутагт шаардлагатай тоног төхөөрөмжийг хангахад улсын төсөвт 45.0 тэрбум төгрөг туссаныг зохистой хуваарилж зарцуулна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч үр ашигтай байдал эргэлзээтэй байна гэснийг дурдаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг халдварт болон халдварт бус өвчний хяналт, орчны болон хөдөлмөрийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, шим судлал, нийгэм, сэтгэц, зан үйл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн лаборатори, онцгой байдлын хариу арга хэмжээ зэрэг найман чиглэлийг хуульчилсан боловч төсөв санхүүгийн хүртээмжийг харахад эдгээр чиглэлийн зорилтууд хангалттай хэрэгжихээргүй байгааг анхааруулав. Нийгмийн эрүүл мэндийн төсвөөс хассан нь энэ салбарын бодлогыг урьдчилан сэргийлэхэд бус улам бүр эмнэлэг рүү, эмчлэх чиглүүлж байгаагийн нэг илрэл гэдгийг тэрбээр хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоолны болон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх зардал, мөн нийгмийн халамжийн сангийн зардлыг ямар хэмжээгээр бууруулсан талаар Засгийн газрын гишүүдээс, төсвийн ерөнхийлөн захирагч нарт өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгах асуудал байсаар байна гэсэн Үндэсний аудитын газраас дүгнэлттэй холбогдуулан хэчнээн төсөл, арга хэмжээг шаардлага хангаагүйг талаар ажлын хэсгийн гишүүдээс тус тус асууж, хариулт авсан юм. Мөн аудитын дүгнэлтэд төсөв зардлыг танаснаар төрийн үйлчилгээний чанар хүртээмж буурах эрсдэлтэй гэж дүгнэсэнтэй холбогдуулан ийм эрсдэл гарах, эсэхийг сайд нараас нэг бүрчлэн асуув. Түүнд өгсөн хариултдаа Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоолны зардлыг 2025 оны төсвийн өмнөх төсөлд нэмэгдүүлэхээр тусгасан байснаасаа 10 хувь хассан гэсэн хариулт өгсөн юм. Ер нь норматив зардлуудыг 10 хувиар бууруулж байгаа тул тухайн үйлчилгээний тоо хэмжээ юм уу, тарифыг бууруулах шаардлага үүсэж байгааг тэрбээр онцолсон юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нийгмийн халамжийн сангийн зардал 31.0 тэрбум төгрөгөөр буурч байгаа ч халамжийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих тэтгэмжийн зардлууд огт хасагдаагүйг онцолсон бол эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх зардлаас хасагдаж байгаа ч гэлээ хүрэлцээтэй гэдгийг танилцуулсан юм.

Үндэсний Аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд шинээр эхлүүлэхээр төсөвлөсөн 18 төсөл, арга хэмжээ магадлалаар баталгаажсан зураг төсөлгүй байснаас 539.4 тэрбум төгрөгийн 170.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 14 төсөл, арга хэмжээг бол аудитаар өгсөн зөвлөмжийн дагуу Сангийн яам хассан талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Харин төсвийн ерөнхийлөн захирагчдад өмнө өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, магадлалаар баталгаажсан зураг төсөлгүй 177.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 99.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй дөрвөн төсөл, арга хэмжээ энэ төсвийн төсөлд дахин төсөвлөгдөж орж ирсэн байна гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Соёл урлагийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих санг татан буулгах талаар Засгийн газраас санал оруулж ирж байгаад дургүйцэхдээ Улсын Их Хурлын гишүүд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжээгүй болохоос биш 18,3 тэрбум төгрөгийн ваучерыг буцаагаад төсөвт тусгасан хэрэг огт биш гэдгийг тайлбарлаад, хүүхэд хамгааллын зарим зардал, урамшууллыг 100 хувиар хасаж байгааг эргэж харах шаардлагатай гэсэн юм. Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан сум, хорооны нийгмийн ажилтны орон тоо энэхүү төсвийн төслөөр яаж хасагдаж байгаа, мөн иргэдийн хандиваар боссон Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг юунд зарцуулахаар төлөвлөж буй талаарх асуув. Хүүхэд хамгааллын ажилд ирэх оноос дорвитой ахиц, өөрчлөлт гарна гэсэн хариултыг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж өгсөн бол хэдийгээр нийт урсгал зардлаас 10 хувь хасаж буй жишгээр хүүхэд хамгааллын зардал төсвийн төсөлд хасагдаж туссан ч өмнөхөөсөө бол хэд дахин нэмэгдсэн дүн гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулаад, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс анхан шатан дээр ажиллах 900 гаруй хүнийг шууд нэг дор аваад, ажиллуулаад явахгүй, ур чадварын сургалт зохион байгуулах зэргээр үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг дурдаад, энэ ажил бол зөвхөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бус салбар дундын ажил тул хамтын ажиллагаа чухал болохыг дурдлаа. Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг ашиглах, зарцуулах журмыг шинэчлээд байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сайд нарын дэргэд ажиллаж байгаа Үндэсний хороо, Төв комисс, зөвлөл зэрэг бүтцүүдийн тоо, тэдгээрийн цалингийн зардлын талаар асууж хариулт авав. Тэрбээр, ялангуяа чиглэлийн яамдын дэргэд ийм бүтэц байгуулж, төрийг хүчгүйдүүлж, бүтээмжгүй болгон, төрийн чиг үүргийн давхардал бий болгох шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар 40 гаруй Үндэсний хороо, зөвлөл байгаагийн 70 гаруй хувь нь ажилладаггүй гэсэн хариултыг Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж өгч, манай яам төрийн албыг цомхон байлгах шинэ Үндэсний хороо байгуулахгүй байх гэдэг дээр санал нэг байгаа гэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Д.Үүрийнтуяа нар зарчмын зөрүүтэй санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан Налайхын 216мвт-ын дулааны шинэ эх үүсвэрийн эхний ээлжийн ажлын санхүүжилтийг нийслэлийн Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд шилжүүлэхээр зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төрийн албан хаагчийн цалинг 6.0 хувиар нэмэгдүүлэх асуудлыг зургаан сараар хойшлуулаад үүнээс гарах хэмнэлтийг гадаад зээл тусламжаар хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Улаанбаатар хотын төвийн дулаан хангамжийн болон Улаанбаатар хотын ногоон орон сууцжуулалтын зэрэг мега төслүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зарцуулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг мөн дэмжсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын талуудын 17 дугаар Бага хурлын байгууламжийн төсвийг 31.4 тэрбумаар бууруулж, цэцэрлэг, сургууль, дотуур байр, хоолны материал худалдан авах зардлыг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарын гаргасан Хөдөлмөр эрхлэлт эрхлэлтийн үйлчилгээ арга хэмжээнд хамрагдсан иргэдийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжээгүй бөгөөд харин хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаанд хамрагдаж ажилтай болсон, хүнсний тусламж дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагддаг иргэдийн тоо, суурь түвшин, хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэх насны хүн амын үзүүлэлтийн шалгуур үзүүлэлтийг өөрчлөх дэмжив. Түүнчлэн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн түвшин, их, дээд сургууль, коллежид хамрагдах хамрагдалтын зорилтот түвшнийг өөрчлөх зарчмын зөрүүтэй саналууд гаргаж дэмжүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Б.Бейсен, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар 2025 онд дуусгахаас бусад хөрөнгө оруулалтын санхүүжүүлэх дүнг 40 тэрбум төгрөгөөр бууруулж, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхээр тусгах зохицуулалт хийх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус тул санал хураалгалгүй ажлын хэсэгт бичгээр явуулахаар тогтов.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх тухай зарчмын зөрүүтэй саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн тэрбээр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 3 дахь заалтад, Улсын төсвийн хөрөнгө оруулалт хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт магадлал хийх, аудитын дүгнэлт гаргуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах гэсэнд зөвхөн 2025 оны төсвийн жилээр хязгаарлалгүй өмнөх жилүүдэд хэрэгжиж эхэлсэн төслүүдийг хамруулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив.

“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, О.Саранчулуун, Ц.Идэрбат, Ж.Чинбүрэн нарын гаргасан гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын харьяа газар, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн зарчмаар хангах эрхийг төсвийн ерөнхий ерөнхийлөн захирагчид олгох, мөн тус салбарын харьяа шинээр барилга баригдах хөрөнгө батлагдаагүй нэн шаардлагатай зарим газар, байгууллагад түрээсийн барилга ашиглаж үйл ажиллагаа явуулах гэсэн заалтууд нэмэх зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.