Улс төр

ADMIN
04 сарын 26
04 / 26

Украины Мариуполь хотын клуб Бразилд дахин мэндэлжээ

Украины Мариуполь хотын клуб Бразилд дахин мэндэлжээ

Өнгөрсөн онд Украины Мариуполь хот Оросын цэрэгт эзлэгдсэний дараа тус хотын хөл бөмбөгийн Мариуполь клуб тарсан юм.

Украины Премьер Лигийн тус клуб хамгийн сүүлд 2019-2020 онд Европын лиг, UEFA-гийн цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны тоглолтуудад оролцож байв.


Тэгвэл Бразил улсын өмнөд Прудентополис мужид амьдардаг Украин гаралтай иргэд, тэдний үр хүүхдүүд бүс нутгийнхаа AA Batel хөл бөмбөгийн клубийн нэрийг Мариуполь болгох шийдвэр гаргасан байна.

Тус клубийн тамирчид удахгүй Мариуполийн нэр, логотой бэлтгэлийн хувцас, тэмцээний өмсгөл хүлээж авна гэж албаныхан мэдээлжээ.

“Манай оршин суугчдын 70 гаруй хувь Украин гаралтай, Украин хүмүүсийн үр хойчис тул клуб маань тэднийг төлөөлөхөөр болж байна. Украин улс Бразилын хөл бөмбөгийн авьяастнуудыг үргэлж дэмжиж, Европын зах зээлд нэвтрэх чухал гарц болсоор ирсэн билээ. Тиймээс тэдний клубийг амьд байлгаж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа украинчуудад итгэл найдвар төрүүлэхийн тулд бидний хийж чадах зүйл энэ юм” гэж AA Batel клубийн ерөнхийлөгч Алекс Лопез ярьсан байна.


Украины Мариуполь хотын тарсан клубийн дэд ерөнхийлөгч Андрей Санин “AA Batel клубийн шийдвэрийг бид маш их талархалтай хүлээн авч байна. Хэдийгээр дайн манай хотыг сүйрүүлсэн ч дэлхийн нөгөө талд манай нэр гарсаар байх болсонд яаж талархахаа ч мэдэхгүй байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters