ТОЙМ

ADMIN
03 сарын 17
03 / 17

Хотын хөгжлийг хот дотроосоо саравчладаг байж болох уу

Хотын хөгжлийг хот дотроосоо саравчладаг байж болох уу

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Тусгаар улсын хүн амын тоон мэдээллээр 50 хувь, дам яриагаар 60 орчим хувь нь оршин суудаг энэ хотын хөгжил, хүн амын чадамж харилцан адилгүй. Цаг хугацаа урсан өнгөрөхөд амьдралын чанар, амьжиргааны боломж тэгш бус хэвээр. “Зайсанд хүртэл утаа үнэртэж байна” гэсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн үг энэ зааг ялгааг бэлхнээ гэрчилнэ. Зайсанд цагтаа цэвэр агаар үнэртэж, амьдралын хэмжүүр хоёр гүүр давах тухай төсөөллөөр баримжаалагддаг байсан нь саяхан. Харин өдгөө агаарын чанарын үзүүлэлт доротйол руу явсан ч сонголт хийгээд амьдралын чанарын зөрүү хэдэн метр, хэдэн км-ээр зөрөлдөн оршиж буйг тааварлахад бэрх. Улаанбаатар хотын алслагдмал бүс болох Нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэгийн орчин нөхцөл, Налайхын царцсан ажин түжин, Хайлаастын эмх замбараагүй эрээлжсэн шавар шавхай. Үгүй ядах нь ээ л, хотын төвийн гантиг чулуун талбай цэмцийж налайж ахуйд хотын захад хог шороо, тэдгээрийг дагасан эрүүл бус орчин нөхцөл. Үүнээс улбаатай өмсөж зүүх, идэж уух, ажиллаж амьдрах боломж тэнгэр газар шиг зөрүүтэй эрэмбэлэгдэх. Ийм нөхцөлд Улаанбаатар хотын хөгжлийг төв талбайн боржин чулуу, зах хязгаарын бургисан шорооноос хөгжил хайх, хөгжил дүгнэх, хөгжил бүтээнэ гэдэг ер нь амаргүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн “20 км-ын хот” буюу Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх зорилтын учир шалтгаан нь энэ. Учир шалтгаан гэхээс илүүтэй уг гарвал, учир зүйг тунгаан хэлэлцэх цаг нэгэнт ирснийг дээрх бүдэг бадаг атлаа энгийн нэг, байдаг л нэг дүрслэл нотолно. Тэрбээр өнгөрсөн сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын алслагдмал хороо, дүүргээр явж, “Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувь дээр байрлаж байгаа ч хүн амын 47.6 хувь, ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэж байна. Бага тойруугийн 86 га газар буюу Улаанбаатар хотын 0.2 хувь дээр төрийн 51 байгууллага, их тойруугийн 770 га газарт төрийн 140 байгууллага төвлөрлөсөн байна. Төрийн байгууллагын төвлөрлийг задлахгүйгээр их сургуулиудыг орон нутаг руу шилжүүлнэ гэж ярих утгагүй. Энэ бол хувиа хичээлт. 1960 онд нийслэлд дөрвөн районтой, 1992 онд есөн дүүрэгтэй болж байв. Одоо нийслэлд реформ хийх цаг болсон. Үүнийг хийхгүй бол эс үйлдэхүй болно. Иймд нийслэл реформ хийж, Улаанбаатар 20 минутын хот болж чадна. Эмнэлэг, цагдаагийн тасаг, ажил руугаа 20 минутад, цэцэрлэгт хүрээлэн, ерөнхий боловсролын сургууль, худалдааны төв рүүгээ 15 минутад, цэцэрлэг, бага сургууль руугаа 10 минутад очдог болно. Манай нийслэл Хөшигийн хөндий рүү, гол дагаад Багануур, Налайх, Тэрэлж, Гацуурт руу төлөх боломжтой. Өнөөдөр 86 га газарт байгаа Их Тойруу сунгалтын дасгал хийгээд Богд уул руу тэлмээр байна. Дархан цаазтай Богд уулыг нэхлээд тунель гаргах цаг болсон” хэмээн мэдэгдсэн.

Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тооцоолсноор дээрх шинэ зорилтын хүрээнд Улаанбаатар хотыг 209 хороонд хуваах бус харин 42 дүүрэгт хуваах замаар хөгжлийг, түүний үр шимийг 20 минутад хүртэх шинэ бүсчлэл санал болгож эхэллээ. Ерөнхий сайдын иргэдтэй хийсэн уулзалтын мэдээллээс харахад “Цэцэрлэг, сургуулийг ойртуулж, эмнэлэг, цагдаагийн үйлчилгээг дөтлүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, ажлын байраар хангагдах” гэдэг болзлыг түгээмэл тавьж. Засгийн газраас үүнийг шийдэх эхний гарц нь төрийн байгууллагуудыг шинэчлэн төлөвлөсөн 42 дүүрэг рүү нүүлгэх, хотын төвд байршсан их сургуулиудыг шилжүүлэх. Энэ хүрээнд эхний ээлжинд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгах шатандаа орсон. Ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд эхний ээлжинд 800 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно. Сэлбэ дэд төв дэхь гэр хорооллыг оронсууцжуулснаар 12 мянган айлын орон сууц барина. Хайлааст, Чингэлтэй, Таванбуудал, Дарь-Эх орчмын айлууд уг орон сууцанд орсноор тухайн айлуудын газарт дараагийн ээлжний оронсууцжуулалт эхэлнэ. Мөн Дамбадаржаа, Толгойтын дэд төвийн бүтээн байгуулалт эхэлнэ. Нэг ёсны Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил дан ганц албан бичиг, ор мөргүй газарт төрийн байгууллага, их дээд сургуулийг нүүлгэх бус харин дэд бүтэц дагасан шинэ нүүдлийг дагаж хөгжинө, төлөвшинэ гэсэн үг. Ингэснээр 20 минутын хотын хөгжил жинхэнэ утгаараа биечих бөгөөд өдгөө уг тодорхойлолтод дөхөж очиж, дүйх хамгийн тодорхой нэг байршил бол яах аргагүй Яармаг. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармаг хотын шинэ суурьшлын бүс өдгөө хааш хаашаа 5-20 минутад алхаж, амьдарч, сурч, төрийн үйлчилгээ авах боломж бүрэн бүрэлдсэн. Хотын төв рүү ажилдаа явдаг, ирдэг томчуудын хөдөлгөөнийг эс тооцвол хүүхдийн хөдөлгөөн 20 минутад идэвхжих боломжтой. Гэхдээ улсын сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт дутуу байгааг эс тооцвол. Иймд нийслэлээс ч, Засгийн газраас ч энэ бүсэд шинэ сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээ зарласан. Гол нь үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр 20 минутын хот зохиомол лоозон биш юм. Дагаж хэрэгжүүлэх боломжтой загварчилсан шинэ бүс Яармагт хөгжиж байна. Нөгөө талд нийслэл хотод барьж байгуулж эхэлсэн зургаан дэд бүтцийг дагасан төвлөрөл бий болох боломж бүрдэж байна. Гол нь ирэх 2040 онд нийслэл Улаанбаатар хотын хүн ам албан ёсоор хоёр сая давж, албан бусаар гурван саяд хүрэх тооцоо бий. Тэр үед Улаанбаатар хот өнөөдрийн зургаан дүүрэг, 209 хороод хуваагдсан хэвээр байлаа гэхэд төрийн үйлчилгээ хүртэх иргэдийн боломж хаагдана. Зам таг зогсож, амьдралын урсгал царцаж, амьдрах чанарын тухай яриа бүгчим, хавчигдмал орон зайд хязгаарлагдана. Иймийн учир шинэ хот буюу шинэ бүсчлэлийг хөшиж, хөшүүрэгдэхээс өөр сонголт үгүй юм. Бүсчлэл гэдэг бүс, бүсчлэл буюу хэмжүүр гэдэг нь тодорхой учраас тэр. Товчхондоо, Яармагаас хотыг төв рүү түгжирдэггүй, Баянхошуугаас Улаанчулуут руу бөглөрдөггүй болох асуудал юм, эхний ээлжинд. Түүнээс бус хотын хөгжлийг хот дотроо холоос саравчилдаг байхыг хот хөгжиж байна гэж ярьдаг, ярьсан хэвээр байж боломгүй.