Улс төр

ADMIN
11 сарын 15
11 / 15

Төсөв тойрсон санал шүүмжлэл & Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүсэл

Төсөв тойрсон санал шүүмжлэл & Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүсэл

Хамтарсан Засгийн газарт төр барьж буй улс төрийн гурван намын зөвшилцлийн дүнд өргөн барьсан 2025 оны улсын төсөв маргаан мэтгэлцээн, санал шүүмжлэлийн дундуур хэлэлцэгдсээр өнгөрөгч долоо хоногт эцэслэн батлагдав. Тэнцвэржүүлсэн орлого нь 23.1 их наяд, гаргах зарлага нь 26.4 их наяд буюу 3.3 их наядын алдагдалтай төсөв батлав гэсэн улстөржилт төсөв батлагдсаны дараа ч арилахгүй хэвээр байна. Гэвч хаалттай хийгээд нээлттэй хаалганы цаана улс төрийн намууд хамтарч суугаад хэлэлцэхдээ энэ төсвийг болно, бүтнэ хэмээн оруулж ирсэн нь харин маргашгүй үнэн. Парламентын танхимд суугаа 126 улстөрч цугаар нэг намын хуралд сууж байгаа юм шиг ярсхийтэл гараа өргөөд 100 хувь дуу нэгдэн баталж чадахгүйгээс хойш төсөв тойрсон эрүүл шүүмжлэл, санал дүгнэлт ар араасаа гарч байгаа нь та бидний хүсээд байсан ард түмний төлөөлөл төрд орох ёстой, салбар бүрийн дуу хоолой тэнд байх ёстой гэсэн өнгөрсөн 30 жилийн хүсэмжлэл сая нэг бодит биелэлээ олсны тод илрэл биз ээ.

 

Дутуу хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө засаж залруулан, нийт ард түмний төлөөллийг бүрэн хангах боломжийг 2023 оны тавдугаар сард өргөн барьсан хуулиараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бий болгохыг хүссэн. Тэрбээр, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, олон намын төлөөллийг УИХ-д оруулах үүднээс холимог системийг хуульчлах, бүсчилсэн хөгжлийн эхлэлийг тавих нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэхдээ “Монгол Улсын Засгийн бүр эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн эрхээ бодитоор эдэлж байна уу? Ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэсэн асуултуудыг 30 жилийн заагт иргэд асууж байна” хэмээгээд Геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий, Нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах шаардлага, Эдийн засгийн их үсрэлт гэсэн гурван том шалтгааны үндсэн дээр гишүүдийн тоог нэмэх, олон намын төлөөллийг парламентад оруулж ирэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь тухайн цагтаа нэг намын дарангуйлал, нэг хэсэг бүлгийн эрх ашгийн бөөгнөрлийг бий болгосон байсан хүмүүст таалагдаагүй нь үнэн.

 

Угтаа Төрийн ордонд тойрсон нам дамжсан бүлэглэлд 126 кнопоос илүүтэй 76-хан кнопыг худалдаж авах, өөрийн талд ашиглах нь илүү хялбар байсан учраас эсэргүүцэл тэмцэл ч чамгүй өрнөсөн. Бүр огцруулах, улс төрөөс зайлуулах тухай зохион байгуулалттай жагсаал, тэмцэл явсныг ч мартаж болохгүй. Хэрвээ тухайн үед бид бүлэглэлдээ, нам дамжсан хэдхэн гэр бүлдээ бууж өгсөнсөн бол улсын төсөв тойрсон санал шүүмжлэл байтугай жалгаар тарсан жижигхэн төсвөө улстөрчид нь хувааж хүртээд алга болдог өнгөрсөн үеийн алдаатайгаа зууралдсаар суух байсан нь харин маргашгүй үнэн билээ. Парламентын гишүүдийн тоог нэмж, ард түмний төлөөлөх эрхийг хоёр дахин нэмж, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багассаны үр дүнд харин эрүүл сэтгэхүйтэй хэсэг нь төсвийн алдаа оноо, ирээдүйд гарч болох эрсдэлийг ил тод хэлж, нөгөө талд нь бүлэглэл, бизнесээ хамгаалах гэсэн цөөхөн хэдийн маргаан мэтгэлцээн дундуур эрүүл саруул төсвөө баталчихав уу гэж дүгнэж суугаа юм.

 

Өмнө хэлсэнчлэн, энэ танхимд салбар бүрийн дуу хоолой бий. Тэд цугаар салбарынхаа эрх ашгийн төлөө дуугарах нь зүйн хэрэг. Багш мэргэжилтэй хэсэг нь багшийн цалин нэмүүлнэ гэж дуугарна. Ээжүүдийн төлөөлөл нь тэтгэмж, халамжийн тухай ярина. Бизнесийн төлөөлөл нь бид дахин татвар нэмүүлэхгүй, биднээс татвар нэмж авах гээд байна гэж хардана. Эмч нарын төлөөлөл нь эмч нар маань энэ жил цалингаа нэмүүлчихмээр байх юм гэж загнана, шүүмжилнэ. Энэ чинь л бидний хүссэн үр дүн мөн биз. Бид дуу хоолойгоо тэнд хүргэхийг хүссэн, тэд ч хүссэнийг маань хийж өгч буй. Харин энэ бүх хэлэлцүүлэг, мэтгэлцээн дундаас Монгол Улсын хөгжлийн төлөө эрх ашгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх зүйл нь юу байх вэ гэдгийг олж аваад гаргаж ирсэн нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх учиртай 14 мега төсөл гэдэгт харин хэн ч маргахгүй байх аа. Бид хэрвээ миний тойргийн мөнгийг өгөхгүй бол кноп дарахгүй гэж дөвчигнөдөг, улстөржүүлж гүйдэг, Сангийн сайдын хаалга манаж, огцруулна гэж омойтож гүйдэг өмнөх алдаагаа өнөөдөр ч давтаж, хэвлэлийн хурал зарласан бүхний хэлснээр явсаар байсан бол 100-хан хүүхэдтэй суманд хоёр сургууль барьдаг, эрчим хүчний дампуурлаас илүү сумын соёлын төвийн дээвэр чухал гэж боддог жалганы сэтгэхүйнээсээ салж чадахгүй.

 

Тийм учраас л улстөрчдөө жижигхэн аймгаас халиад бүсийн хөгжил гэж томоор хардаг болгоё, нэг хэсэгхэн санал авдаг иргэндээ биш нийт иргэн, нэг улсын хөгжлийн төлөө зогсдог улстөрчидтэй болъё гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүссэн хүсэл, бодсон зорьсон зүйл нь 2025 оны төсвийг хэлэлцэхэд илүү тод харагдав. Тэр үүнийг л хүссэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсныхаа дараа өөрөө жагсаалтад бус тойрогтоо очиж санал аваад энэ танхимд орж ирсэн. Харин намынхаа жагсаалтад салбар бүрийн төлөөллийг багтааж, нийгмийн шилжилтийн эгзэгтэй цагт бүтэн үе сольж чадсанаараа шинэ 30 жилийг эрүүл саруул сэтгэхүйгээр харах, санал шүүмжлэлээ ил тод хэлж чадах, худалгүй хулгайчгүй улстөрчидтэй болсноо бид төсөв хэлэлцсэн энэ өдрүүдэд харлаа гэж дүгнэж байна.

 

Нийгмийн төлөөлөл бүхэн орж ирснээрээ аль салбарт ямар асуудал байгааг бүрэн сайн мэдлээ. Нэг өглөө сэрээд нэг удаагийн төсвөөр энэ бүхнээ цэгцэлж чадахгүй ч гэлээ ар араасаа шийдэл, гарцаа олоод асуудал бүрээ уг үндсээр нь цэгцлээд явж байгаа нь өөрөө Л.Оюун-Эрдэний өнгөрсөн дөрвөн жилд ярьсан, хийх гэж зүтгэсэн реформ билээ. Монголд 126 улс гэж байхгүй. Харин Монгол гэсэн ганцхан эрх ашиг бий учраас нэг улстөрчийг гаргадаг хэсэг бүлгийн эрх ашгаас илүү нийт Монголын асуудлыг шийдэх учиртай мега төслүүдийг бид зоригтойхон төсвөөр тууштайхан хийж байж л өөрчлөлт гаргах учиртайг нийтлэлийнхээ төгсгөлд сануулах нь зүйн хэрэг биз ээ.