Улс төр

ADMIN
11 сарын 08
11 / 08

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулав.

Тус Байнгын хороо Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бусад Байнгын хороодоос санал авч уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Цаглаварт Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх болон хянан шалгалтын бусад асуудал зэрэг нийт 17 ажлыг тусгасан байна.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг өөрөө асуулт асууж, хариулт авсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Байнгын хороод, Хүний эрхийн дэд хороо, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс хэрхэн санал авсан талаар асуухад Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо санал өгөөгүй гэсэн хариулт өгөв.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж баталлаа.

Үүний дараа “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирыг тус Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах тухай тусгасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн 69.2 хувь нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг хийв. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэх замаар макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг өсгөх, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төсвийн зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг өсгөж байгаа нь Засгийн газрын гадаад өрийг нэмэгдүүлэхээр байгааг анхаарах талаар асуулт асууж үг хэлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ДНБ-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулан, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлж, инфляцыг 2025 онд 7.5 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувь болгож бууруулахаар тооцсоныг онцлоод, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан тооцож, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2025-2027 онд ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55.0 хувь, 2026 онд 50.0 хувь, 2027 онд 45.0 хувьтай тэнцэхээр байгааг дурдав.

Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний реформ бол зөвхөн үнэ нэмэх асуудал биш, үүний цаана салбарын байгууллагуудын менежментийг сайжруулах томоохон шинэчлэл яригдаж байгаа гээд, энэ талаар буруу ташаа мэдээлэл түгээж, олон нийтийг түгшээхгүй байхыг сэтгүүлчид, Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга эдийн засгийг солонгоруулж, уул уурхайгаас хараат байдлыг хэзээ эцэс болгох талаар Засгийн газраас асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл “Алсын хараа 2050”, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон дунд, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй нийцэж байгаа эсэхийг асууж хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр сарын өмнө тодотгосон мэдэгдлээс 10 хувийн өсөлттэй орж ирсэн нь ямар тооцоо судалгаанд үндэслэсэн талаар тайлбар авав. Түүний асуултад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулахдаа энэ өөрчлөлтөд урсгал зардлын өсөлт голлон нөлөөлж буйг дурдаад, урсгал зардлын өсөлтийн 60 хувь нь хүн амын тоо зэрэг статистик өсөлттэй холбоотой гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа бизнесийн салбарын аж ахуйн нэгжүүд татварын өндөр дарамтанд байгаа өнөөдрийн нөхцөлд хэтэрхий том төсвийн төсөл оруулж ирсэн хэмээгээд, мэргэжлийн болон олон улсын байгууллагууд төсвөө хумихгүй бол макро эдийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөх талаар сануулж буйг анхааруулав. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг хэрхэн тооцсон, төсвийн тэлэлттэй холбоотойгоор төрийн албаны хүний нөөцөд ямар өсөлт гарах, Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувьд хэрхэн хүргэх, аж ахуйн нэгжүүдийн татварын нийт өр хэд байгаа зэргийг асууж, төсвийн төслийг 3.6 их наяд төгрөгөөр таналаа ч 2025 оны төсөв түүхэнд байгаагүй том төсөв хэвээр байх болно гэлээ. Төсвийн төслийг танах тухай асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа буюу хүлээн авах боломжгүй үед тавьж байгаа нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцэхгүй байна гэж Төсвийн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тайлбарлалаа. Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс гаргаж байгаа саналыг үндэслэн 2024 оны 12 дугаар сард багтаан төсвийн тодотгол хийх тухай Улсын Их Хурлын тогтоол гаргахаар төлөвлөж буйг танилцуулав. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мөн тайлбар өгч, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд улсын төсвийг хэлэлцэх дэгийг тусгайлан хуульчилсныг сануулаад, гэсэн хэдий ч Улсын Их Хурлын гишүүдээс төсвийн урсгал зардлаас танах тухай бодитой санал гарч байгааг үндэслэн тодотгол хийх асуудлыг Засгийн газарт даалгана гэв.

Төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн үр дүн ямар байсныг Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар асууж, татвараас өөр орлого олох үүднээс төрийн өмчит компаниудыг хувьчлах зэрэг боломжийг судалж ажиллах шаардлагатайг зөвлөв. Түүний асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дэлгэрэнгүй хариулт өгч, төслийг олон нийтээр хэрхэн хэлэлцүүлсэн талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, өрийн тааз болон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савалгаанаас хамгаалах заалтыг хассан нь өнөөдөр бий болсон нөхцөл байдлыг үүсгэж буй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар улсын төсөв болон ДНБ-ий зохистой харьцааг баримтлах шаардлагатайг анхааруулж, ирэх 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх төсвийн наана нь тодотгох нь зохисгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар уг төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар тус Байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүдээс хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм. Төсвийн төсөлд, нэгдүгээрт, зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах чиг үүргийн дагуу урсгал болон хөрөнгийн зардлыг хооронд нь шилжүүлэх замаар тэдгээрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмсэн, гуравдугаарт, эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд эрсдлийн санд тусгагдсан санхүүжилтийг шилжүүлсэн өөрчлөлтүүдийг тусгажээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн жилд нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 36,830,456.0 сая төгрөг байхаар, үүнээс Тогтворжуулалтын санд 608,889.9 сая төгрөг, Үндэсний баялгийн санд 2,356,827.3 сая төгрөг хуримтлуулахаар байна. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 33,864,738.8 сая төгрөг болох юм. Харин нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 35,771,913.2 сая төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1,932,825.6 сая төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн тэнцэл -1,907,174.4 сая төгрөг буюу ДНБ-ийн -2.0 хувьтай тэнцэхээр буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад нийцэхээр байна гэж Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулгадаа онцлов. Түүнчлэн, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг дотоод, гадаад үнэт цаас гаргах замаар нөхөх боломжтой гэж үзсэнээ тэрбээр тэмдэглээд, Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулсан эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны танилцуулгын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд тайлбар хийж, асуулт асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээг эрэмбэлэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд уялдуулан нийцүүлэх асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, авлагыг хэрхэн шийдвэрлэх, хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох талаар асууж хариулт авав. Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдлийн сангаас тусламж, үйлчилгээний санхүүжилтэд 56.0 тэрбум төгрөг шилжүүлэхээр байгааг тодотгон тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Улсын төсвийн асуудлаар идэвхтэй маргаан мэтгэлцээн өрнөж байгаа нь дэвшилттэй байгааг дурдаад, төсөв хэлэлцэх дэгийг эргэн харж, шинэчлэн сайжруулах шаардлагтай болсныг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг харгалзан үзэж, хэлэлцүүлгийн үед шалгуур, хүрээ хязгаарыг тогтоож өгөх, хөрөнгө оруулалтын төслийг сонгох, ач холбогдлоор эрэмбэлэх, орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний төсвийн батлах эрх хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж, тэнд шийдвэрлүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалт хийх шаардлага бий болсныг дурдлаа. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэн даруй батлах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, уул уурхайг дэмждэггүй аймаг, орон нутаг руу төсвийн хөрөнгө оруулалтыг ихээр төлөвлөж байгаа нь шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, Ховд аймгийн Мянгад суманд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэний улмаас бэртэж гэмтсэн инженерүүдэд дэмжлэг үзүүлэхийг тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд уриалав.

Төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хийсэн зарчмын өөрчлөлтүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд тодруулж, төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөөгүй хэрнээ хүчин чадлыг бууруулсан төсөл, арга хэмжээ байгаа эсэхийг асууж хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, иргэд, татвар төлөгчдийн эрх ашгийн үүднээс урсгал зардлыг танах санал дэвшүүлж байгаагаа тайлбарлаад, Засгийн газраас оруулж ирсэн төсвийг ердөө 35 тэрбум төгрөгөөр багасгаж байгаа нь Улсын Их Хурлын хэлэлцүүлэг хангалтгүй болж байгаагийн илрэл хэмээсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төсвийн төлөвлөлтийг танах ёстой гэдэгтэй санал нэг байна гээд, Улсын Их Хурлын гишүүдэд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн талаар сургалт явуулах, төсвийн төслийн ил тод байдлыг сайжруулж, ангилал, ажил, арга хэмжээ нэг бүрийг тодорхой оруулж ирдэг байх, хэлэлцүүлгийн явцад Засгийн газар Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналд иж бүрэн, тодорхой тайлбар өгдөг байх, мөн төсвийн хэрэгжилтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгын талаар Улсын Их Хурлын гишүүд тайлбар хэлж, асуулт асууж дууссанаар хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.