ТОЙМ

ADMIN
03 сарын 11
03 / 11

Байдрагийн УЦС-г барьж чадвал баруун бүсэд яаж нөлөөлөх вэ

Байдрагийн УЦС-г барьж чадвал баруун бүсэд яаж нөлөөлөх вэ

Нэгэнтээ нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Энэ жил эрчим хүчний дутагдаж байгаа хэрэгцээгээ сөөлжилж, ид хүйтний ард гарах гэж байх шиг байна. Ирэх оны өвлийн улиралд эрчим хүчний хүндрэлтэй нүүр тулна. Магадгүй ирэх жил 50, 50 хувийн хязгаарлалт хийхэд хүрч мэдэхээр байна. Хэрэв бид ирэх гурав, дөрөвдүгээр сард яаралтай экстрим шийдвэр гаргаж, эрчим хүчний хангамжийн чиглэлээр аравдугаар сараас өмнө шинэ эх үүсвэрүүдийг шийдэж чадахгүй бол том бүтээн байгуулалтууд хөдлөхгүй” гэсэн нь бодит дүгнэлт. Бүр үнэн нь, эрчим хүчний эх үүсвэрээ нэмэхгүйгээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бүү хэл бурхан Будда ч асуудлыг аргалж дийлэхгүй болсон. Эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэхгүйгээр үйлдвэр барих, гэр хорооллыг барилгажуулах бараг боломжгүй. Эрчим хүч бол эдийн засгийн тулах цэг. Эдийн засгаа тэлье гэвэл эхлээд эрчим хүчний хараат байдлаас хагацах ёстой юм.

 УИХ-ын дарга Г.Занданшатар Унгараас сайн мэдээтэй ирсэн нь тус улсын Засгийн газраас Байдрагийн УЦС-ыг барих зээлийг хүүгүй олгохоор болсон тухай. Гол нь Байдрагийн УЦС-ыг барих нь зөвхөн яриа хэлцэл төдийгөөр өнгөрсөн юм биш биш хоёр тал гэрээ хэлцэл дээр гарын үсэг зуржээ. Байдрагийн гол дээр УЦС барьснаар Монгол Улс нэг сумаар хоёр туулай буудах боломжтой болж байгаа юм. Нэгд, эрчим хүчний эх үүсвэрийн тоо нэгээр нэмэгдэнэ. Орон нутгийн эдийн засгийн хөгжил сайжирна. Байдрагийн УЦС-ийг барьснаар баран бүсийн эрчим хүчний 60 хувийг хангах боломжтой аж.

Монголын баруун аймгууд Оросоос гал залгуулж амьдардаг.Үндсэндээ 1кЦ-ыг 500 төгрөгөөр худалдаж авдаг бол Байдрагийн УЦС-ыг барьснаар 1кЦ-ыг 40 төгрөгөөр нийлүүлэх юм байна. Хямд, найдвартай эрчим хүчтэй болсноор орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэнэ. Үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр ажлын байр бий болно, ажлын байр бий болсноор айл өрхийн ашиг орлого өснө. Эрчим хүч бол эдийн засгийн тулах цэг гэдгийн учир энэ.

Хоёрт, байгаль экологит эерэгээр нөлөөлнө. Байдрагийн голоос эх авдаг Бөөнцагаан нуур нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж ус нь багассаар байгаа. Усан цахилгаан станцтай болсноор нуурын усны хэмжээ сайжирна. УЦС-д нөөцөлсөн усан сангийн усаар 3000-6000 га талбайг ямар ч цахилгаан энерги шаардахгүй зөвхөн усны өөрийн түрэлтээр бороожуулан ажилладаг услалтын системийг сэргээн байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, цаашлаад аялал жуулчлалын цогцолбор байгуулах боломж нээгдэнэ. Байдрагийн УЦС-г барьж чадвал баруун бүс оросоос гал гуйж, цайгаа чанадагаа болино гэсэн үг. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого, шийдвэр, яриа хөөрөөг эсэргүүцэж байгаа хэн бүхнийг улс орноосоо урвагч гэхэд бараг буруудахгүй биз. Хэрэвзээ лаа шүдэнзтэйгээ суухгүй гэвэл эрчим хүчний төслүүдээ дэмжих нь жинхэнэ эх оронч үзэл юм шүү.

Б.БАЛГАН