ТОЙМ

ADMIN
03 сарын 06
03 / 06

УИХ-ын даргын айлчлалаар БАЙДРАГИЙН усан цахилгаан станцын хэлэлцээг УНГАРын талтай эхлүүллээ

УИХ-ын даргын айлчлалаар БАЙДРАГИЙН усан цахилгаан станцын хэлэлцээг УНГАРын талтай эхлүүллээ

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байгаа бөгөөд уг айлчлалын үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ болсон байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай энэ талаар уулзалт хийж, “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьжээ. Харин Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсний дагуу айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болсон юм. Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийг Сангийн сайд Б.Жавхлан энэхүү баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгч, Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийлжээ.

 “Байдраг усан цахилгаан станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийн тохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах ач холбогдолтой юм. Мөн Байдрагийн усан цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгааны эрчим хүчний оргил ачаалал болон ослын үед тохируулгын горимоор ажиллах бөгөөд импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай аж. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хамтын ажиллагааны талаар “Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хууль тогтоох байгууллагын хүрээнд дэмжлэг үзүүлэх тодорхой асуудлаар харилцан ойлголцолд хүрсэндээ баяртай байна. Албан ёсны яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газрын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж байна” гэв. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло хариу талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.