Ентертайнмент

ADMIN
08 сарын 23
08 / 23

“Боловсролын салбарын цахим хуваагдал” уулзалтыг зохион байгуулж байна

“Боловсролын салбарын цахим хуваагдал” уулзалтыг зохион байгуулж байна

НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага /UNICEF, ITU/-ын “GiGa” санаачилгын хүрээнд “Боловсролын салбарын цахим хуваагдал” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэхүү уулзалтаар цахим хуваагдлыг сургуулийн холболтоор бууруулах, сургуулийн интернэт холболтын өнөөгийн нөхцөл байдал ба бэрхшээл, харилцаа холбооны сүлжээ боловсролын салбарт, цаашдын авч хэрэгжүүлэх алхмууд, хамтран ажиллах төлөвлөгөө зэргийг танилцуулан, санал солилцох юм. Арга хэмжээнд боловсрол, мэдээлэл технологи, цахим хөгжил, инновацын чиглэлийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, олон улсын улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Монгол Улс “GiGa” санаачилгад 2022 онд нэгдсэн. Тус санаачилга нь дэлхийн бүх сургуулийг интернэтэд холбох зорилготойгоор 2019 онд эхэлж, өдгөө 30 улсыг эгнээндээ нэгтгэжээ.

Боловсролын яам нь 2023 оноос эхлэн үндэсний оператор компаниудтай хамтран сургууль бүрд утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэхээр анги бүрд интернэт холболт бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн 167, аймгийн төвийн 137, сум болон багийн 398 сургуулийн 863 хичээлийн байр интернэтэд холбогдсон байгаа нь нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн байрны 77.5 хувь юм.

Иймд мэдээлэл, харилцаа холбооны суурь дэд бүтцийг бүрэн шийдвэрлэх, хичээлийн болон дотуур байр бүрийг нэгдсэн сүлжээнд холбох, дотоод сүлжээний орчныг бүрдүүлэхэд талуудын хамтын оролцоо чухал.