ТОЙМ

ADMIN
03 сарын 03
03 / 03

Шударгаа нотло, Ерөнхий сайд аа!

Шударгаа нотло, Ерөнхий сайд аа!

Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхийд тэргүүлж, огцом өсөлттэй эхний 20 орны жагсаалтад орсон тухай сайн мэдээ өнгөрсөн долоо хоногийн улс төрийн мэдээ, мэдээллийн гол сэдэв байлаа. Манай улсын урд 7.2 хувийн өсөлтөөр дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрний номер нэг байр руу эрчтэй дөтөлж буй БНЭУ орсныг эс тооцвол Монголын эдийн засгийн өсөлт бараг л рекорд гэж болно. Арын байруудад Армен, Этиоп, Бангладеш, Филлипин, Хятад, Вьетнам, Индонез тэргүүтэй улс жагссан. Бүр ядуу, гуцуу гэдгээрээ дэлхийд алдартай Уганда улсын эдийн засгийн өсөлт хүртэл энэ удаад гайхшрууллаа. Учир нь, тус улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 4.6 хувьд хүрсэн нь улс орны санхүүгийн чадавх иргэдийнх нь ахуй амьдралтай урвуу хамааралтай байж болохын нэг жишээ. Манай улсын хувьд ч ялгаагүй. Эдийн засгийн долоон хувийн огцом өсөлт ард иргэдийн амьдралд бодит үр дүнгээ өгч, өсөн дэвших урам зориг өдүүлсэн үү гэвэл хараахан үгүй. Нэг ёсны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хугацаанд удаа дараа зарлаж, тодорхой үр дүнд хүрээд байгаа эдийн засгийн өсөлтийг өнөө цагт буюу өнөөдрөөс, маргааш ч иргэдийн амьдралд өгөөжээ өгсөн үү гэдгийг асуух цаг нэгэнт болж. Энэ бол дампуурлаа зарлахад ойрхон байсан Хөгжлийн банкны өр төлбөрийг цэгцэлж, олон улсан зээлжих зэрэглэлээ хадгалж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийг ашиглалтад оруулж, нүүрс тойрсон хулгайг илчилж, хариуцлага тооцож, “Эрдэнэт” үйлдвэрийг улсын мэдэлд зуун хувь авч айл өрхийн цахилгааны төлбөрийг төлсөн тухай эерэг үр дүнгээс тусдаа асуудал. Нэг ёсны алга таших учир шалтгаан нэг бус нэлээн олон байх ёстой. Тэр дундаа, эрх баригч намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүнээс Та бид дан ганц Оюутолгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, экспортын орлогыг 14.9 тэрбум ам.долларт хүргэж, улсын төсөв, төсвийн тэнцлийг анх удаа ашигтай гаргаснаар амлалтынх нь үр дүнг нэхэхгүй байх ёсгүй. Учир нь, Үндсэн хуулийн шинэчлэлээр олгосон эрх мэдлийн төвлөрөлд энэ бүх үр дүн хангалтгүй. Иймд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс цаашид шударга байхыг, шударга байна гэсэн амлалтандаа хүрэхийг шаардая. Өөрийн эхлүүлсэн улс төрийн реформ, хуулийн өөрчлөлтөөр дамжуулж нээсэн боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахыг нэхэе.

Тэрхүү нэхэл хатуу үүрэг даалгаврын нэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд уг хуулийн төслийг өргөн барьж, УИХ-ын гишүүдийг дэмжихийг хүсэхдээ “Хэрэгжилт нь шударга байна” гэж амласан. Тэгвэл уг шударга ёсны хэрэгжилт нь ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулиар хэрэгжих учиртай. Нэр дэвшигчдээ уг хуулийн 20.2 дугаар зүйл заалтын дагуу сонгох учиртай. Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй” гэсэн заалтыг алхам тутамдаа мөрдлөг болгох нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн анхдагч үүрэг. УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших хэн боловч энэ заалтын хүрээнд шийдвэрээ гаргах учиртай. Хамаарал бүхий этгээд нь төртэй холбоотой бизнес эрхэлдэг, төрийн тендерт ордог, зээл тусламж авдаг, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг бол нэр дэвших эрхгүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой гориглогчдын олонх нь энэ заалтаас ангид байж чадахааргүй, хувийн болон хамаарал бүхий этгээдийнх нь бизнес, ашиг сонирхол төрөөс ангид оршиж чадахгүй болтол хэлхэлдсэн байна. Тэд нэр дэвшихийг хүсэж байгаа ч хуулийн зүйл заалтыг, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуулиар дамжуулж амласан амлалтыг үл ойшоож байна. Засгийн газрын баг бүрэлдэхүүний тухайд ч асуудал адилхан. Кабинетийн бус улс төр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг, Монгол Улсын Ерөнхий сайдын эрх дархыг утсан хүүхэлдэй мэт харагдүүлж, өөр хоорондоо ил тод зөрчилдөж, түүнийгээ ард түмний улс төр болгон гудамж руу огиж байна. Ийм эв нэгдэлгүй, нэг эрх ашиггүй гүйцэтгэх засаглалыг цэгцэлж, танхимаа эв санааны хувьд бүтэн болгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардая. Мөн энэ асуудалд шударгаа нотлохыг сануулья.

Агаарын тэвэрийн либеральчлалын бодлого хэрэгжүүлж, үр дүнд нь ачаа тээврийн эргэлт анх удаа 105 сая хүрсэн амжилтаа иргэний амьдралд, иргэдийн сэтгэл ханамжийн ядуурлыг бууруулахад гол анхаарлаа хандуулахыг хүсье. Эдийн засаг, эдийн засаг гэсэн гурван жилийн тэмцлийн үр дүн өнөөдөр дэлхийн статистикийн мэдээллийг тэргүүлэх бус харин нийгмийн дэд бүтцийг зузаатгах, бэхжүүлэх, хамгаалах, өргөх хүч болмоор байна. “Мөнгөтэй болчихвол” гэдэг үг өнөөдөр Ерөнхий сайдын хэлэх үг биш боллоо. Мөнгө нь олдсон бол одоо хүнээ бодьё. Өнгөрсөн оны шинэ жилээр баярын хундага тулгахдаа өгүүлсэн “2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно.2024 он орон сууцны хүртээмжийг “миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлсэн жил байх болно” хэмээх үгэндээ хүрч ажиллахыг шаардая. Ерөнхий сайд аа, цонхоо нээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд ардчилсан Монгол Улсын түүхэнд хамгийн олон өдөр сар, жил хоног суусан энэ “ерөөл”-ийг үнэнтэй дүйцүүл. Одоо шударга ёс нэхэх бус харин шударга ёсыг сахиж хамгаал. Эдийн засгийн тоо бус иргэний амьдралын өсөлт ярь. Тэр өсөлтийг бүтээ. Учир нь, монголчуудэд цөөнх нь хөлжиж, олонх нь хөлд нь чирэгддэг Уганда шиг эдийн засгийн өсөлт хэрэггүй. Эхлэл шигээ төгсгөл байхгүйг харуулсан ээлжит нэг Ерөнхий сайдын нэр үлдэнэ, үйл үлдэхгүй шүү, Ерөнхий сайд аа. Шударга аа, нотло.

 

Г.ОТГОНЖАРГАЛ