ТОЙМ

ADMIN
03 сарын 03
03 / 03

Шинжлэх ухаан технологийн санг шамшигдуулсан бодит баримтууд...

Шинжлэх ухаан технологийн санг шамшигдуулсан бодит баримтууд...

Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд тусгай сангуудын үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгоод буй. Үүнээс Боловсролын зээлийн сангийн мэдээлэл олны анхаарлыг татаж, шуугиан тарьж байв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан нийт 24 сан үйл ажиллагаа явуулдгаас 21-ийнх нь мэдээлэл www.shilen.gov.mn хуудсанд бий. Батлан хамгаалах салбарт харьяалагддаг Зэвсэгт хүчний хөгжлийн санг улсын нууцтай холбоотой хэмээн мэдээллийг нь ил болгохгүй байгаа юм билээ. Уг нь бол НҮБ-ын мандаттай болон олон улсын бусад ажиллагаанд энхийг сахиулагчдаа илгээсний нөхөн төлбөрт гадаад улсаас орж ирж буй мөнгийг л уг санд төвлөрүүлдэг. Гэтэл хуулиасаа тус сантай холбоотой хэсгийг нь хүчингүй болгосноор бүх мэдээлэл нь хаалттай болсон гэхэд хилсдэхгүй.

Тусгай сан гэдэг нь хуульд зааснаар Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг хэлж буй. Энэ дансанд татвар төлөгчдийн болон тэдгээр сангаас авсан зээлийн эргэн төлөлтийн мөнгө орж, дараа дараачийн зээлдэгчдэд боломж бүрдүүлдэг. Гэтэл мэдээлэлд ойр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан өөртөө, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал бий болгож, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж буйг ЖДҮХС, Тариалан эрхлэлтийг дэмжих, Боловсролын зээлийн сантай холбоотой хэргүүдээс бид мэддэг болсон билээ. Үүнтэй адил Шинжлэх ухаан технологийн хэмээх Засгийн газрын тусгай санг шинжлэх ухаанаар далимдуулж албан тушаалтнууд нь цөлмөж, мөнгийг нь завшиж байж болзошгүй явдал гарах болж. Өөрөөр хэлбэл, тус сангаас санхүүжүүлсэн төслүүдийн тайланг албан тушаалтнууд нь “но”-той бүрдүүлж, танилцуулдаг, хөрөнгийг нь бие биедээ урамшуулал, тэтгэмж олгосон, сургалтын үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн завшдаг байж болзошгүй гэх мэдээлэл бий. Тиймдээ ч Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэгэнтээ “Шинжлэх ухаан технологийн сан (ШУТС) сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 4278 судалгааг хөгжүүлэхэд 178.6 тэрбум төгрөг зарцуулсан боловч үр дүн нь чамлалттай, маш муу гарсан. Цаашид төсөл, судалгаа санхүүжүүлэхэд тоонд бус, чанарт анхаардаг болно” хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл тус санд эрх бүхий албан тушаал хашдаг хүмүүс албан тушаалаа урвуулж, ажилтнуудаа сүрдүүлэн хууль бус баримт бүрдүүлэх үүрэг, даалгавар өгдөг тухай мэдээлэл бидэнд ирэх болов. Тухайлбал, тус сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгүүлж, 2021 оны есдүгээр сараас хойш нийтийн албанд гурван жил ажиллах эрхгүй болсон захирал асан Д.Энхжаргал санхүүгийн албан тушаалтнууддаа нөлөөлж байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Д.Энхжаргал нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Засгийн газрын болон Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал, ШУТС-гийн дүрэм зэргийг зөрчин орон тооны бус зөвлөл гэх орон тоог бий болгон баталж, 2017 оны долдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд хүмүүст мөнгө олгож сандаа хохирол учруулсан хэрэгт холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, ШУТС-гийн орон тооны бус зөвлөлд Б.Амарсайхан, С.Будням, Б.Батбуян, П.Пүрэвдаавуу нарыг томилон заримыг нь ажил, үүрэг гүйцэтгээгүй байхад цалин олгож, төрд хохирол учруулсан гэм буруутай гэж шүүх үзсэн. Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин, төрсөн дүү Дамдины Амгалан-Энхийг Дамирангийн Амгалан-Энх нэрээр 2016 оны арванхоёрдугаар сард ШУТС-гийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, цалин олгосон буруутайд тооцсон байдаг. Улмаар 13 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд гурван жил ажиллах эрхийг нь хассан юм. Тэгтэл энэ хүн ШУТС руу байнга ирж, эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Отгонжаргал, н.Гэрэлмаа, Б.Намжилсүрэн нартай уулзан, санхүүгийн болон нууцтай холбоотой мэдээлэлд нэвтэрдэг хэмээн нэг бус хүн өгүүлэв. Түүгээр ч зогсохгүй шинжлэх ухааны байгууллагуудад хэрэгжүүлээгүй төслийн талаар тайлан гаргуулж, авдгийг ч тус санд ажиллаж байсан хүмүүс ярьж байх юм. Тухайлбал, анагаах ухааны салбарт хэрэгжүүлж буй хэмээн 200 сая төгрөгийн санхүүжилт бүхий төслийн тайланг хуурамчаар бүрдүүлсэн тухай ШУТС-гийн олон ажилтан ярих болж.

ШУТС-гаас ХААИС-ийн харьяа дөрөв, ШУТИС-ийн гурав, МУИС-ийн хоёр, БСШУЯ, ЭМЯ, АШУҮИС-ийн харьяа тус бүр нэг гээд нийт 12 хүрээлэн санхүүжилт авдаг гэнэ. Гэвч заримынх нь санхүүгийн тайланд аудит хийлгүйгээр нэгтгэж, дүгнэн мөнгө олгож байсан зөрчил ч байдаг юм билээ. Тухайлбал, Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн станцын, Өмнөговь аймаг дахь говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн, Төв аймгийн Батсүмбэр сум дахь зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын, ХААИС-ийн харьяа Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн, ХААИС-ийн харьяа Улаангом дахь Газар тариалангийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын санхүүгийн тайланд аудит хийлгүйгээр нэгтгэн баталгаажуулж байсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх хардлага төрүүлдэг.

Аудитын байгууллага болон Сангийн яамнаас ШУТС-гийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт, шалгалт хийж байж. Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас 2019 оны дөрөвдүгээр сард эл сангийн 2017, 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийхэд санхүүгийн зөрчил дутагдлууд илэрч байсан ч тэгсхийгээд өнгөрч байж. ШУТС-гийн шүгэл үлээж буй ажилтнуудын салбарын сайд, холбогдох байгууллагад хүргүүлж буй мэдээллүүд ч үр дүнд хүрэлгүй дарагдаж болзошгүй гэж үзэх нэгэн ч байна. Уг нь саяхан хийсэн төрийн хяналт, шалгалтын явцад ШУТС-д зургаан тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан, уг мөнгийг эрх бүхий албан тушаалтнууд бүлэглэн завшсан байж болзошгүй хэмээн цөөнгүй ажилтан шүгэл үлээж холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүдэд мэдээлэл хүргүүлсэн юм билээ. Түүндээ сангийн захирал асан Д.Энхжаргал, Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Отгонжаргал, тус хэлтсийн албан тушаалтан, уг нь тэтгэврийн насанд хүрсэн ч төрсөн оноо өөрчлөн ажиллаж буй гэх Б.Намжилсүрэн зэрэг хүний нэрийг дурдаж, шинжлэх ухаанд зарцуулах хөрөнгийг энэ хүмүүс үрэн таран хийж, завшиж байх магадлалтай учраас шалгаж, тогтоохыг хүссэн аж. Түүнийх нь дагуу БШУЯ-ны холбогдох албанаас шалгаж, өдгөө ажиллаж буй эрх мэдэлтнүүдэд нь шаардлага хүргүүлжээ. Гэвч шаардлагын мөрөөр ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй өнгөрч. Магадгүй тэдний хууль бус үйлдлийг нийгэмд хүргэхгүй байснаар төрийн буюу татвар төлөгчдийн мөнгийг луйварддаг бүлэглэл улам илүү хор хохирол учруулж болзошгүй байгаа юм билээ. Тиймдээ ч ШУТС-гийн хөрөнгийг албан тушаалтнууд нь завшсан байж болзошгүй гэх мэдээллийг Үндэсний аудитын газраас хянан шалгаж байна. Энэ талаар тус газрынхнаас тодруулахад “Аудитын дүгнэлт хараахан гараагүй учраас ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Тун удахгүй дүгнэлтээ гаргаж, танилцуулсны дараа энэ асуудлаар хандахад нээлттэй” гэсэн юм. Харин ШУТС-гийн санхүүгийн талаар шүгэл үлээж буй хүмүүс аудитын дүгнэлт шударгаар гарч, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүст хариуцлага тооцно гэдэгт итгэж сууна.

 Г.РАВЖАА