Нийтлэл

ХАМГИЙН ТОМ МОРИН ХУУР"

          Дуу хуурын өлгий нутаг гэгдэх Дундговь аймагт Монголын хамгийн том морин хуур байдаг. Түүний өндөр нь дөрвөн давхар барилгатай дүйцэх юм. 

          Дэлхий дахиныг хос чавхдасаараа уяруулан, байлдан дагуулсан морин хуурыг Монголчууд дээдэлдэг. Морин хуур хөгжмийг бараг мянгаад жилийн өмнөөс үүсгэсэн бөгөөд Монголчуудын тусгаар тогтнолын хамгийн том бэлгэ тэмдэг, баталгааны нэг. 

          Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны XI сард дэлхийн өв сан болох UNESCO-д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.

          Морин хуур бий болсон түүхийг өгүүлсэн домогт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр жигүүрт хүлэг мориороо хүссэн газраа хүрдгийг мэдсэн хорон санаат нэгэн морины нь жигүүрийг тас хайчилсанд гашуудсан эзэн нь яг адилхан морин толгой  сийлж ширээр нь цар, сүүлээр нь чавхдас хийн морин хуур урлаж сайн хүлгийнхээ алхаа гишгээ, арилжаа хатирааг хуурддаг байсан домогтой. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.

          Дундговь аймгийн төвийн Хар овооны тэнд Соёл амралтын хүрээлэнд 7 метр 40 сантиметр өндөртэй морин хуурыг 2007 онд бүтээн залжээ.

          Өргөн нь 1.5 метр бөгөөд 40 сантиметрийн зузаантай. Сийлбэрч Ө.Анхбаяр, дархан Л.Цогзол нар бүтээжээ. Толгойг нь модоор сийлбэрлэн гаргаж, хуурын чавхдасыг төмөр троссоор, их биеийг лист төмрөөр хийж бор шаргал өнгийн боронзон будгаар буджээ. 

          Эртнээс нааш Дундговь аймгийнхан дуу хуураар алдартай билээ. Намжилын Норовбанзад хэмээх ардын уртын дууч маань энэ л нутгаас төрөн гарч, цээл сайхан хоолойгоороо Монголын ард түмнийг нэгэн үеийн туршид уярааж, дэлхийн олон орны улс түмэнд Монгол ардын үндэсний гайхамшигт урлагийг таниулж ирсэн ачтан билээ. Тэрээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цол хүртсэн төдийгүй Төрийн соёрхолт хэмээх алдар хүндтэй шагналыг ч зүй ёсоор хүртсэн юм. 1935 онд Улсын алдарт гавъяат жүжигчин цол хүртсэн алдарт уртын дууч Ж.Дорждагва гуай ч мөн адил энэ нутгаас төржээ. Ийнхүү үеийн үед уртын дуу, морин хуураа мөнхлөн үлдээх зорилгоор Дундговьчууд “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг гэрэлт хөшөөнд сийлэн Н.Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөөг ч бас бүтээжээ. Морин хуур, уртын дуу хоёр салшгүй нэгэн цогц урлагийн ертөнц билээ.