Сонгуулийн мэдээ

Хэрхэн тань шиг болох вэ?"

Сүүлийн үед “Хэрхэн тань шиг болох вэ?”“Яавал ингэж аялах вэ?” гэх асуултууд цөөнгүй ирэх боллоо. Хүмүүсийн  мөрөөдөл болсон Америкаар нь жаргаж яваа мэт харагдаад байгаа болохоор тэр юм болов уу… Гэтэл өмнө нь Зүүн Өмнөд Азийн орнуудаар явж байхад “Болгоомжтой л байгаарай” гэж ихэнхдээ сонсдог байлаа. Ингээд харьцуулахаар хандлагын ялгаа асар их байгаа биз…

Гэхдээ муу юм тохиолдохоо хүрвэл хаана ч байсан, бүр тэр атугай гэртээ сууж байсан ч ороод л ирнэ гэж би боддог юм. Тэгэхээр сайн ч тэр, саар нь ч тэр аливаа зүйл “цаг нь болох” гэх зарчимтай мэт санагддаг. Миний ийнхүү аялаад байгаа ч гэсэн тэр цаг нь болсонтой холбоотой байх аа. Нэгэн номд үүнийг бүр “10000 цагийн дүрэм” гээд тайлбарлачихсан байсан. Тав, арав, бүр хорин мянган цаг байлаа ч гол санаа нь мөрөөдөл, зорилгодоо үнэнч, тууштай, тэвчээртэй байхыг л илэрхийлсэн нь ойлгомжтой.

Над шиг болох тухай дээрх асуултад бүрэн дүүрэн хариулах үнэхээр боломжгүй билээ. Яагаад гэвэл бид бүгд харилцан адилгүй шүү дээ. Адил байх ч албагүй. Тиймээс бүгдээрээ аялна, аялах ёстой гэж бодохгүй байна. Замд таарсан ихэнх хүмүүс “Анхны Монгол”, “Та нар яагаад аялдаггүй юм бэ?” гэдэг юм. Хариуд нь би тоглоом шоглоом болгон “Бид дэндүү цөөхүүлээ. Гуравхан сая. Хэрвээ бүгд аялвал хэн нь улс эх орноо авч явах юм бэ? Би ажилгүй учраас л ингэж яваа” гэж хэлдэг.

Харин, долоон сар ганцаараа үүргэвчтэй аялсан туршлагаасаа ганцхан зүйлийг баттай хэлж чадахаар болсон. Тэр нь юу гэвэл, иймэрхүү урт хугацааны аяллыг ганцаараа, ялангуяа залуу насандаа (30 хүрэхээсээ өмнө)хийх нь өөрийгөө таньж мэдэх, нээх, олох хамгийн шилдэг арга байна.

Тиймээс 12 дугаар ангиа төгсөөд чадахгүй юм аа гэхэд их сургуулиа төгсөнгүүтээ үүргэвчээ үүрээд гардаг байвал их зүгээр. Ийм шийдвэрт хүрэхэд тодорхой хэмжээний санхүүгийн боломж шаардагдах нь мэдээж. Гэвч, хүсэл эрмэлзлэл байхад “мөнгө” бол нэн тэргүүнд тавигдах чухал эд биш ээ.

Удаах нэг асуудал нь хэлний бэрхшээл. Арван жилд үзсэн харь хэл болоод хүн бүрт заяадаг байгалийн хэлэндээ итгэлгүй байгаа бол та майхан саваа бэлдэж аваад, үүргэвчээ үүрэн Баян-Өлгий аймаг ороод үз. Хоёр, гурван хоног автобус юмуу микрогоор эсвэл 20, 30 хоног алхсан ч болно. Энэ таны сонголт. Мөн унаа цуцаа дамжин явсаар Хөвсгөлийн тайгад очоод, цаатан иргэдийн аж амьдралтай танилцаад үз. Ийнхүү хамгийн хямд гарцуудыг хайн нутгийн хүмүүсийн арга эвийг олох байдлаар ингэж явах нь таалагдвал, мөн түүнчлэн дахин иймэрхүү маягаар явахыг хүсч байвал хаашаа ч явсан асуудалгүй л гэсэн үг.

Аялагч, жуулчин хоёр бол ялгаатай ойлголт, хэв маяг. Ялангуяа урт хугацааны үүргэвчтэй аялал хийхэд үргэлж “бүсээ чангалж” явна. Нөгөөтэйгүүр байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагатай. Тун хариуцлагатай “сайн дурын алба” гэж болохоор л доо. Дарсан зурагууд шигээ байнга сайхан байдаггүй л дээ. Сайхан ч тал бий, саар ч бэрхшээлүүд зөндөө. Гэхдээ хамгийн гол нь хувь хүн өөрөө үүнийг хүсч байна уу, үгүй юу гэдгээс л бүх зүйл шалтгаалдаг.

Түүнчлэн, “Аюултай юу?”“Би чадах болов уу?”, “Тийшээ яаж явах уу?”, “Очоод юу хийх үү?” зэрэг асуултууд тавьж байгаа нөхдүүдийг “арай л болоогүй байна даа” гэж дүгнэдэг.

“АЮУЛТАЙ ЮУ?” гэж асууж байгаа бол сэтгэл зүйн хувьд замд гарахад бэлэн болоогүй байна аа гэсэн үг. Дотоод хүн бэлэн болоогүй үед юу ч тохиолдсон бэрхшээл юм шиг л санагдана. Харин зүрх сэтгэл 100% зөвшөөрсөн үед ямар ч саад бэрхшээл тулгарлаа гэсэн даваад л гардаг.

Хүн бүр өөр өөрийн гэсэн гүйцэтгэх “гэрийн даалгавар”-тай энэ хорвоод ирдэг юм шиг ээ.

Миний ийнхүү яваад байгаа нь хүртэл би үүнийг хийхэд зориулагдсандаа юм болов уу гэж баярладаг. Яагаад гэхээр өөрийн мөн чанар, сонирхол, өдийг хүртэл явсан замналаа эргээд харахад Стив Жобсын хэлдэг шиг тодорхой цэгүүд холбогдсон байдаг юм. Тэгэхээр бид бүгдээрээ “үүргэвч үүрсэн аялагч” гэж бодохгүй байна. Харин хүн бүр өөрийнхөө хийж гүйцэтгэх, бүтээх ёстой даалгаврыг олох нь л чухал.

Тиймээс “Хэрхэн тань шиг болох вэ?” гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд над шиг болох албагүй. Болох ч боломжгүй. Бид бүгд дахин давтагдашгүй учраас хамгийн чухал нь “Өөрийгөө ол” гэж зөвлөе дөө.

Гэхдээ,

Амьдрал бол АЯЛАЛ…

 

Д.Чимэдцэрэнгийн фэйсбүүк хаяг: @Chimedtseren Dorjgotov