Сонгуулийн мэдээ

Гитар"

Хайрлаад хөгжим тоглодоггүй байна гэдэг тэнэг хэрэг. Хөгжмийг элэгдэж муудахаас нь болоод зүгээр л уутанд нь олон жил хадгална гэдэг бүр ч болчимгүй явдал.

- Чи яагаад гитартай байж тоглож сураагүй юм бэ?

- Зүгээр хайрлаад, зургаан утсыг нь ч хамаагүй чанга татаж үзээгүй. Тасарчих байх гэж дандаа айдаг байлаа. 15 насны төрсөн өдрөөр аав ээж хоёр авч өгсөн юм. Одоо 25 жил хадгалж байна. Хааяа нэг гаргаж ирээд арчиж цэвэрлээд буцаагаад уутанд нь хийчихдэг юм. Хүүхдүүд сонирхоод байхаар нь бүгдэнд нь өөр гитар авч өгсөн л дөө. Одоо өөрсдийнхөө гитарыг л балбаж суудаг юм. Балбагчдад би угаасаа дургүй. Тэгээд ямар хүхдүүдээ гэрээсээ хөөгөөд гаргалтай биш.

Чи кофе уух уу, цай уух уу?

-Хүйтэн ус нэг аяга залгилчихья. Гадаа ч хачин бүгчим өдөр байна даа. Миний гитар наранд их удаж болохгүй. Хөг нь гарчих байх.

-Тоглохгүй юм чинь хөгөөр яах юм.

-Чи Эрнест Хемингуэй Парист байхдаа ордог байсан зоогийн газрыг мэдэх үү? Тэр газрын хананд нэг гитар, бас нэг бичиг өлгөөтэй байдаг юм. Хемингуэй манайхаар үйлчлүүлэх дуртай байсан ч энэ гитарт гар хүрч байгаагүй гэдэг. Гитар хөгжмийг жинхэнэ хайрладаг хүн бол түүнд гар хүрэхээсээ ч татгалзах ёстой. Минийхээр Жимми Хэндрикс, Жон Гомм бүгдээрээ гитарчид биш зүгээр л түүнийг тарчлан зовоогчид би тэднийг үзэн яддаг.

Хий л толгой сэгсрэхээс өөр зүйл надад үлдсэнгүй. Яагаад гэсэн асуулт аман дээр гарч ирээд байсан ч түвдсэнгүй.

Аягатай хүйтэн ус залгилчихаад “Гитар нэг ч тоглож үзээгүй хүн мэдрэх л хэрэгтэй. Гитар хар аяндаа өөрөө эгшиглэдэг юм. Ямар гайхамшигтай аялгуу сонсогддог гээч. Энэ хорвоогийн юутай ч харьцуулашгүй” гээд гарч одлоо. Араас нь харвал гитар үүрсэн эрийг хэн нэгэн алдартай хөгжимчин гэж андуурмаар байлаа.

П.Батхуяг

2016-06-11 СӨҮЛ