Онцлох мэдээ

ТЭНГЭР ШИНЖЭЭЧ МАЛЧНЫ ЯРИА"

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн малчин З.Цэрэнбалжир цас зудыг хэрхэн даван туулах талаар өөрийн туршлагаас хуваалцаж байна.

-Малчин хүн өглөө босоод тэнгэрийн байдлыг ажиглан, тэр өдрийн цаг агаарын шинжийг тодорхойлон, малаа аль зүгт ямар зайд бэлчээрлүүлэхээс нэг өдрийн ажил эхэлдэг. Ан амьтдын нутагшил, хулгана хөеө хураах байдал, жимсний ургалт, мод шарлах хугацаа, байдал, тарваганы ичсэн байдал зэргийг малчин хүн сайн судалж байгаль цаг ууртай харьцуулан, ирэх өвөл, хаврын өнгө төрхийг тодорхойлж сурах нь малчин хүний мэдвэл зохих туршлагын нэг юм.

Тухайн жилийн цаг уурын байдлыг харгалзан намаржаа өвөлжөөндөө буух үеийг нарийвчлан тооцоолох нь мал сүргээ даарч хөрөхөөс бүрэн хамгаалж чаддаг. Ер нь малчин хүн байгаль цаг уурын тогтолцоог ажиглан судалсны үндсэн дээр мал ахуйгаа маллах ажлаа зохицуулж байдаг.

Ер нь ч намаржаа өвөлжөөний бэлчээрийг холын, ойрын болон нөмөр, арын хөндийн, хоолойн гэж ангилан, цаг уурын нөхцөл байдалд тохируулан хуваарьтай ашиглах нь малчин хүний эрхэмлэх зүйлийн нэг гэж би үздэг. Хүйтэн салхи шуургатай буюу жавартай үед нөмөр нөөлөг сайтай энгэр дулаан газар хариулах буюу цаг агаар тогтуун нар ээсэн үед холын хөндий хоолойн бэлчээрээ ашиглах зэргээр малаа бэлчээрлүүлэхийн зэрэгцээ бэлчээрийн ургамлын бүтэц бүрэлдэхүүнийг судлах нь зүйтэй. Малаа бэлчээхдээ өглөө салхины дагуу тууж аажмаар салхи сөргүүлэн бэлчээрт нь хүргэн, бэлчээрт байгаа малаа үргээж цочоохгүй тайван идээшлүүлбэл мал тогтуун сайхан цадталаа иддэг юм. Бүрэн цадсан мал өлчир чийрэг байдаг.

Малчин хүн малаа хариулж явахдаа маргаашийн өдрийг ямар болох талаар салхины хүч чиглэл, тэнгэрээ ажиж, малынхаа байр байдал, араншинг харж мэдэж байж л малаа тохируулан маллана даа. Өвлийн хахир цагт өрхийнхөө хүн хүчинд тохируулан, ажлаа нарийн хуваарилан ажиллах нь зүгээр байдаг. Дараа өвлийг даван туулах бэлтгэл ажил нь өвөлжөө хаваржааны цэвэрлэгээ ариутгал, хөрзөн ховлох, бууц овоолох хашаа хороогоо засаж сэлбэх зэрэг хаврын ажлаас эхэлдэг.

Эх сурваж: "Зуд давсан зузаан туршлага" тайлан, Мерси Кор ОУБ