Сонгуулийн мэдээ

Найзуудын үдэшлэгт тохиромжтой тоглоомууд"

Байгууллага, хамт олны аялал зугаалга, найзуудын үдэшлэг дээр шинэлэг сонирхолтой хөгжилтэй тоглоом зохион байгуулах шаардлага гардаг. Тэгвэл уудаг, үнсэлцдэг мэтийн хүндрэлтэй тоглоомоос арай хөнгөхөн хэрнээ уур амьсгалыг хөгжилтэй болгож чадах хувилбаруудыг танд санал болгож байна.

Мөсөн хотхон
Үдэшлэгээс өмнө хэд хэдэн уутаар дүүрэн шоо дөрвөлжин мөс авч бэлдэнэ. Зочдоос 2 юм уу 3 баг гаргаж, баг бүрт ижил хэмжээний мөс олгоно. 10 минутын дотор мөсөөр хамгийн гоё баримал бүтээсэн багийг шалгаруулж шагнаарай. Цасан хүн, гацуур гэх мэт тодорхой сэдэв өгчихвөл шалгаруулахад бүр хялбархан. Хэт дулаарчихаагүй одоо үед яг л тохиромжтой.

Чихэртэй буухиа
Нэг том саванд жижиг хэмжээтэй чихэр (Шарлет, Vit C) олныг хий. Зочдыг хоёр хувааж, чихэр тавьсан ширээнээс 2 метрийн зайд эгнүүлж зогсооно. Эгнээний эхний хүнд зузаан бээлий өмсгөөрэй. “Эхлэ” командын дараа эгнээ бүрээс эхний хүн гүйж ширээн дээр очоод нэг чихэр авч бээлийтэй гараараа задлаад, буцаж гүйн дараагийн хүнийхээ ам руу шидэж оруулна. Дараагийн хүн амандаа чихэр хийлгэмэгцээ бээлийг нь өмсөн гүйж үйлдлийг давтана. Буухиаг хамгийн түрүүнд дуусгасан баг ялж шагналын эзэн болно.

Энэ бөмбөлөг царайлаг болъё гэнэ ээ
Хоёр бөмбөлгөн дээр нүд, ам зураад доод хэсэгт нь бялууны крем түрхэж бэлд. Зочдоос хоёр хүнийг гаргаж ирээд тус бүрт нь сахлын татуурга өгч үдэшлэгтээ бэлдэхээр зэхэж буй ноён Бөмбөлөгний сахлыг нь хусах даалгаврыг өгөөрэй. Бөмбөлгийг хагалахгүйгээр хамгийн түрүүнд хусаж дуусгасан хүн ялагч болно. (Дэргэд нь татуургаа норгох савтай ус тавихаа мартуузай)

Аяыг таа
Монгол, гадаад холилдсон хит болж байсан 5 дуу цуглуулж бэлдээд, дуу болгоны эхний 5-10 секундыг тоглуулж ямар нэртэй гэдгийг нь зочдоор таалгуулаарай. Үүнийг тоглуулахад чамд “Icon Pop Song” аппликешн тусалж чадна. Гараа өргөж хариулах дүрэмтэй гэдгийг өмнө нь заавал сануулах хэрэгтэй. Дууны нэрийг түрүүлж таасан хүн нэг бадгийг нь заавал дуулж сонсгосныхоо дараа шагналаа авна.

Амаа олоогүй зугаалга
Гурван ширхэг жижиг, кремтэй бялуу авч бэлдээрэй. Зочдоос гурван хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр гаргаж ирээд хоёр гарыг нь ард хүлж урд нь бялуугаа тавина. Гурав тоолсны дараа тоглоом эхэлж хамгийн түрүүнд амаараа бялуугаа идэж дуусгасан нь ялна.

Уучлаарай, би зайрмагаа унагаая гэж бодоогүй юм
“Зайрмаганд дуртай хүн байна уу?” гэж асуугаад зочдоос хоёр хүнийг гаргаж ирнэ. Хүн тус бүрт нэг том савтай зайрмаг, халбага бариулаад нүдийг нь хар даавуугаар боогоорой. Тэгээд хоёуланг нь өөд өөдөөс нь харуулж суулгана. Тоглоомын даалгавар бол нүдээ боолттой чигээрээ өөрийнхөө зайрмагнаас халбагадаж нөгөө хүнээ хооллох ёстой. Хувцас, амыг нь арай бага заваартуулж, найзыгаа цэвэрхэн дайлж чадсан нь ялагч болно.

Эх сурвалж: goolingoo.mn